Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр тусгайлсан чиг үүргийн байгууллагууд хамтран ажиллаж эхэллээ. Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран улсын хилээр хууль бусаар #хар_тамхи, мансууруулах бодис нэвтрүүлж болзошгүй сувгуудыг олж тодорхойлох, хяналтад авах “Суваг-1” тусгай ажиллагааг зохион байгуулж байна.
Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд гаалийн байгууллага бусад хууль сахиулах байгууллагатай хамтарч тэмцэх нь гэмт хэргийн эзэн холбогдогчийг бүрэн олж тогтооход илүү үр дүнтэй бөгөөд дээрх байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах чадавхыг дээшлүүлэх, хамтын уялдаа холбоог сайжруулах, хойшлуулшгүй ажиллагааг шуурхай, оновчтой явуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
Хамтарсан байгууллагуудын тусгай ажиллагааны үеэр хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй хууль бус үйлдлийг таслан зогсоожээ. Тодруулбал, Суваг-1 ажиллагааны хүрээнд 2600 хүн тун буюу их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэн, хураан аваад байна.
Хууль сахиулах гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас цаашид энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд тасралтгүй тусгай ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.
Хилээр 2600 хүн тун хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэн, хураан авчээ | |
Jaran.MN Facebook |