Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өвс, тэжээлийн үнийн өсөлтийг хязгаарлах, малчдад очих нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор тус бүр нь 300 гаруй кг жинтэй 6000 боодол буюу 20 кг жинтэйгээр тооцвол 100,0 мянга орчим боодол өвсийг аймгийн төсвөөс хөрөнгө гарган зах зээлээс худалдан авч 50 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэд, малчдад нэмж хуваарилахаар боллоо.
1. Тус өвсийг худалдан авах ажиллагаа амжилттай болсноор дараах 3 цэгт аль болох шуурхай буулгана.
- Хэрлэн сумын 5-р багийн нутагт байрлах аймгийн Нөөцийн агуулах
- Хэрлэн сумын 1-р багийн нутагт байрлах аймгийн Нөөцийн агуулах
- Зарим сумын төвд байрлах Нөөцийн агуулах
2. Дээрх цэгүүдээс сумдын Онцгой комиссын саналын дагуу малчид, мал бүхий иргэдэд хүртээмжтэй, шударга, ил тод хуваарилна.
3. Эрэлт эрс нэмэгдсэнээс шалтгаалж өвс тэжээл хомсдсон, мөн аймаг, сумдын аюулгүйн нөөц дууссан тул хол зайнаас худалдан авч нийлүүлэх нөхцөл байдал үүсэж байна.
4. Одоогийн нийлүүлж байгаа үнийн хувьд зах зээлийн үнээс 50 хувийг чөлөөлж 300 гаруй кг жинтэй бөөрөнхий боодолтой нь 80,0-90,0 мянган төгрөгөөр малчдад олгож байгаа. Дээрх том боодолтой нь ойролцоогоор тус бүр нь 20 кг жинтэй 15-17 орчим жижиг боодолтой тэнцэх буюу 1 боодлын үнэ нь 5300 орчим төгрөгөөр малчдад очно.
5. Дээрх зурагт харагдаж байгаа том оврын 1 автомашинд тус бүр нь 300 гаруй кг орчим жинтэй өвс 105 орчим боодол тээвэрлэгдэх буюу одоо нэмж нийлүүлэх өвсний хувьд дээрх автомашинаар тооцвол 60 шахам автомашины хэмжээтэй болох юм.
6. ЗГ-аас зөвшөөрсний дагуу аймгийн төсөвт зохицуулалт хийн, тус ажлыг хэрэгжүүлэхэд нийт 1,0 тэрбум төгрөгийг зарцуулахаар аймгийн Онцгой комисс, Засаг даргын Зөвлөлөөс шийдвэрлэлээ.