Утааны сонсгол хийх гарын үсэг цуглуулж дуусахад 23 өдөр үлдээд байна

2024/04/08
Утааны сонсгол хийх гарын үсэг цуглуулж дуусахад 23 өдөр үлдээд байна

Монгол улсын иргэн Батбаатарын МӨНГӨНХИШИГ-ийн санаачилгаар Утааны сонсгол хийх гарын үсэг цуглуулах ажил эхлээд байгаа юм. Гарын үсэг зурах ажил 3-р сарын 19-нөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 212 хүн гарын үсэг зурж нэгдсэн байна. Нийт 70,000 гарын үсэг цуглуулах юм.

Утааны сонсгол хийхийг шаардаж буй энэхүү гарын үсэг цуглуулах ажлын гол зорилго нь  "МУ-ын Үндсэн хуулийн 16.2-т Монгол улсын иргэн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Гэвч манай улсын 2 хүн тутмын нэг нь амьдардаг, тэр дундаа тухайн хүн амын 35%-ыг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөөд олон жил боллоо. Зөвхөн нийслэл Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдийн агаарын бохирдол жилээс жилд өссөөр байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.3. Төсвийн хяналтын, 6.2.9. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус тус үндэслэн “Утааны Сонcгол”-ыг зохион байгуулж МУЗГ-ын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна" хэмээн тайлбарлаж байгаа юм. 

Утааны сонсгол хийх шаардлагыг дэмжиж байвал иргэн та https://petition.parliament.mn/Detail?id=a7a6e58e-d3f2-4e08-be62-23d96a3dd48a&fbclid=IwAR3z7afuYcb1uvsID52HAVzqr9MqUBsWSjXSBpQ0U7Of9hxI86v2YQkYzAo_aem_Acxdq86R1BDbnejfyWz7SMwLgxYFgQDw4l_MTt4KLDzQqhlhWFjxJ0Fiif111PG6q5bnQEoK-hmoWuKpXg3VydFt энэхүү линкээр орж гарын үсгээ зурах боломжтой. 

                                                                                          Өргөдөл

МУ-ын Үндсэн хуулийн 16.2-т Монгол улсын иргэн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Энэхүү заалтын дагуу Монгол Улс иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах үүднээс олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд нэгдэн орох, түүнчлэн дотоодын эрх зүйн актуудад тухай бүр тусган баяжуулах арга хэмжээг тасралтгүй авч ирсэн. Гэвч манай улсын 2 хүн тутмын нэг нь амьдардаг, тэр дундаа тухайн хүн амын 35%-ыг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөөд олон жил боллоо. Зөвхөн нийслэл Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдийн агаарын бохирдол жилээс жилд өссөөр байна. 2017.01.10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улаанбаатар хотын агаар, ус, хөрс гамшгийн түвшинд хүрснийг дурдаж 03/03 тоот зөвлөмжийг УИХ, ЗГ болон аймаг нийслэлийн иргэдийн хуралд хүргүүлсэн ч хэрэгжилт хангагдахгүй байсаар байна. Үүнээс үүдэлтэй иргэдийн эрх зөрчигдсөнөөс үүдэн: - Амьсгалын замын өвчлөл, нас баралт - Зүрх судасны тогтолцооны өвчлөл - Хордлого, харшил - Хорт хавдар, - Нөхөн үржихүйн эмгэг, - Хоол боловсруулах системийн эмгэг, - Хүүхдийн бие бялдар, оюун сэтгэхүйн хөгжлийн ялгаатай байдал - Хүн амын дархлааны түвшин буурах эмгэгүүдтэй холбоотойгоор хүн амын өвчлөл, нас баралт эрс нэмэгдэж, улсын нийт бүтээмжид их хэмжээний хохирол учруулсаар байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдлыг тогтмол бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг ямагт зөвлөсөөр байна. 2012 оны судалгаагаар 9 нас баралт тутмын 1 нь агаарын бохирдлоос болж байв. Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100000 хүн амд 92 байхад Монгол улсад 100000 хүн амд 132 байгаа нь дэлхийн дунджаас даруй 30%-иар илүү болж, хүн амаа өсгөх бодлоготой Монгол улсад маш том гарз хохирол юм. Агаар орчны бохирдол тогтмол нэмэгдэж байгаа нь эрүүл иргэд өсөж торниход сөргөөр нөлөөлж байна. НҮБ-ийн Хүүхдийн сангийн захиалгаар АШУҮИС-ийн хийсэн судалгаагаар багтраа өвчний тохиолдол 2009 онд 0-4 насанд 4 байсан бол 2017 онд 60 тохиолдол шинээр бүртгэгдэн өвчлөлийн бодит тоон үзүүлэлт даруй 15 дахин нэмэгдсэн байна. Агаарын бохирдол NO2 50% буурвал багтраа өвчнөөр оношлогдох шинэ тохиолдол 2019 онд 60 байсан 2027 он гэхэд 10 болж буурна гэсэн тооцоолол гарсан. Иймд Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2.ерөнхий хяналтын; 6.2.3.төсвийн хяналтын; 6.2.9.хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах шаардлагыг хүргүүлж байна. Үүгээр: 1. 2017 онд батлагдсан "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, үйл ажиллагааг эрчимжүүлж, эзэнжүүлж, хариуцлагажуулах гүйцэтгэлийг хангалуулах талаар арга хэмжээг эрчимжүүлэх, 2. Өнгөрсөн хугацааны агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төсвийн зарцуулалтад хяналт мониторинг хийж, төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулсан шийдвэр гаргагчдад хариуцлага тооцох, цаашид улсын төсөв батлахдаа асуудлын эрэмбэ харгалзан үзэж батлахад анхаарах, 3. Орчны бохирдлыг бууруулах, үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүн, төсвийн зарцуулалт, үйл ажиллагаа, ажлын албаны болон хорооны үйл ажиллагааг сайжруулах, төсвийн зарцуулалт болон шийдвэр гаргах явц, сонгон шалгаруулалт зэрэг явцуудыг олон нийтэд нээлттэй болгох, цаашлаад хорооны бүтэц бүрэлдэхүүнийг чадавхжуулах, чадварлаг удирдлагаар хангахад онцгой анхаарахыг хүсч байна. Тус нийтийн сонсголыг бүрэн зөв зохион байгуулж чадвал гамшгийн хэмжээнд хүрсэн орчны бохирдлын асуудлыг төр дангаараа шийдвэрлэх боломжгүй тул хувийн хэвшил болон иргэд, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлж, 3 талын хамтын ажиллагаатайгаар шийдвэрлэхэд дэмжлэг болно.

Утааны сонсгол хийх гарын үсэг цуглуулж дуусахад 23 өдөр үлдээд байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх