Тоосон дундах талын хот

2024/07/22

Жил бүрийн зуны улирал саарал өнгөтэй болдог боллоо. Тэртусмаа энэ зун агаар дээрээ саарал манантай, хөрсөн дээрээ шороон  саарал өдрүүд үргэлжилж байна. Энэ бол мэргэжлийн хэллэгээр PM2.5 буюу нарийн тоосонцор. Ус цаг уур орчны шинжилгээний газрын судалгаагаар 2020 оноос хойш нарийн ширхэгт тоосонцор стандарт хэмжээнээсээ тасралтгүйгээр давсан үзүүлэлттэй байна. Жилийн 4,5,9-р саруудад салхи ихтэй байдгаас хамаарч стандарт давдаггүй, харин бусад саруудад байнгын PM2.5 тоосонцроор амьсгалж байна. Ялангуяа зуны улиралд цаг агаар тогтуун дулаан өдрүүдэд эрс нэмэгддэг байна.

Агаарын чанарын гол үзүүлэлтүүдээс Азотын давхар исэл, Хүхэрлэг хий, PM2,5 тоосонцрын хэмжилтийг Ус цаг уур орчны шинжилгээний газар хийдэг. Дорнод аймгийн Чойбалсан хот тал газар байрладагтай холбоотойгоор агаарыг бохирдуулагч Азотын давхар исэл, Хүхэрлэг хий стандарт хэмжээндээ байна. Хэдийгээр дээрх 2 үзүүлэлт стандарт хэмжээнээс даваагүй ч эдгээр үзүүлэлтийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.  Салхи ихтэй өдрүүд олон байдгаас агаар дээрх сарнилт өндөр байдаг нь уг үзүүлэлтэд нөлөөлдөг гэж байгаа юм.

Харин pM2,5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өвлийн улиралд түүхий нүүрсний шаталтаас үүдэлтэй тортог бий болж үүсдэг бол бусад улиралд барилгын тоос, авто замын тоосноос үүдэлтэй байна.

Дорнод аймагт сүүлийн 5 жилийн дотор автомашины тоо 5000-аар нэмэгджээ. Тус аймагт 23,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас жилдээ 15,000 гаруй тээврийн хэрэгсэл оношилгоонд ордгийн 300-400 тээврийн хэрэгсэл агаарын бохирдлын утаагаар тэнцдэггүй байна.

Дорнод аймаг Агаарын бохирдлыг бууруулах дэд хөтөлбөрийг 2018-2024 оны хугацаанд хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд хэд хэдэн томоохон бодлогын шийдвэрүүд гаргажээ. Үүнд,

Салхины дээд талдаа буюу Хэрлэн сумын 2,3,4,10 дугаар багуудын одоо байгаа гэр хорооллын хойд хэсгээр иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар нэмж олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Яндангийн тоог бууруулах буюу инженерийн дэд бүтцийг 1,2,3-р багууд руу татаж эхэлсэн байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт хийж орон сууцжуулах ажлыг эхлүүлж одоогоор 2 байршилд хэрэгжиж байна.

Чойбалсан хотод цахилгаан халаагуур ашигладаг айл өрхүүдийн тоо нэмэгдэж байна. 2020 онд 396 айл өрх цахилгаан халаагуур ашиглаж байсан бол 2023 онд 1192 болж өссөн байна.

Эдгээр нь  агаарын бохирдлыг  тодорхойлж байгаа 2 үзүүлэлтийг бууруулах, стандарт хэмжээнээс давахгүй байхад эерэг нөлөөлөл үзүүлж байна.Харин бидний эхэнд хөндсөн PМ2.5 нарийн ширхэгт тоосонцорыг бууруулах, сөрөг нөлөөллийг багасгах талаар авч хэрэгжүүлж буй бодлого алга. Жилдээ 2-3 байршилд ногоон зүлэг тарих ажлыг хийж байгаа гэх боловч энэ нь гал унтраах төдий л ажил юм. 

Жилээс жилд тоос шорооноос харшламтгай иргэд, хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Гэвч Дорнод аймгийн ЭМГ-т нарийн ширхэгт тоосонцрын талаар судалгаа байхгүй, орчны эрүүл мэнд рүү чиглэсэн хийж хэрэгжүүлж буй ажил байхгүй гэдгийг тус газраас мэдэгдэж байна.

PM2,5 буюу нарийн ширхэгт тоосонцор нь шууд уушгинд очдог учраас амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлэх, удаан хугацаандаа зүрх судасны өвчнөөр өвчлөх, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг учраас нүдэнд харагдахгүй уг тоосонцор нь тоохгүй орхиж болохгүй асуудал юм.

Тоосон дундах талын хотын энэ дүр зурагт хүний хүчин зүйл, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ч бий.  Дорнод аймаг нь хуурай уур амьсгалтай учраас шороо тоос их дэгдэнэ.Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсч буй асуудалд хариу арга хэмжээ авах, харин хүний хүчин зүйлээс шалтгаалан үүсэж буй PM2,5 тоосонцрыг бууруулахад орон нутгийн бодлого хэрэгтэй байна. 

 

Энэхүү бүтээлийг Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр (EJFP)-ийн нэг үр дүн болгон бэлтгэсэн болно. EJFP хөтөлбөрийг Breathe Mongolia - Clean Air Coalition болон Green Dot Climate төрийн бус байгууллагууд Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клубтэй хамтран хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам болон Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Internews-ийн Earth Journalism Network санхүүжүүлж байна. Энэхүү бүтээлийн агуулга ба илэрхийлсэн санаа бүхэлдээ сэтгүүлчийнх бөгөөд EJFP хөтөлбөрийн хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч байгууллагууд агуулга болон санааг хуваалцах албагүй.

 

This piece was produced as part of the journalist’s participation in the Environmental Journalism Fellowship Program (EJFP). EJFP is being implemented by the non-profits, Breathe Mongolia - Clean Air Coalition and Green Dot Climate in partnership with the Green Planet Club of environmental journalists at the Press Institute of Mongolia. The Program is funded by the implementers, the U.S. Embassy in Mongolia, and Internews’ Earth Journalism Network with the support of the Swedish International Development Cooperation Agency (Sida). Responsibility for the piece rests entirely with the journalist. EJFP’s implementers and funders do not necessarily share the expressed views and interpretations.

Тоосон дундах талын хот  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх