Аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ “Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцлаа. “Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг 81 хувьтай хангаад байна.
Мөн Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэх ажлын явцтай танилцав. Тодруулбал, энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 48,3км шугам сүлжээг засварлах ажлыг хэрэгжүүлж байгаагаас шинээр 14,7км шугам сүлжээг суурьлуулах, 22,2км-ыг доторлох, 8,9км-ыг шинэчлэх, 2,5км-ын шугам сүлжээг өргөтгөх ажлуудыг үе шаттай хийж байна.
Засаг дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэлтэй холбоотойгоор цаашид Чойбалсан хотын ундны усны эх үүсвэрийг шинээр шийдэх,
Иргэдийн ундны усны эрүүл, аюулгүй байдлыг хангахад нэн шаардлагатай ажлуудыг эрэмбэлж улс, орон нутгийн төсвөөр шийдвэрлэж ажиллахаар төлөвлөж байгаатай холбогдуулж хөрөнгө оруулалтын ажлуудыг төсвийн төсөлд тусгуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагуудад дулаан хангамж түгээх бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулахыг тус тус даалгав.
“Дорнод Нийтийн Аж ахуй” ОНӨААТҮГ нь аймгийн хэмжээнд 7429 орон сууцны өрх, 642 аж ахуй нэгж, байгууллага, гэр хорооллын 8000 өрхийг цэвэр усаар хангаж, бохир шингэнийг татан зайлуулж цэвэрлэх, инженерийн шугам сүлжээний засварын ажлыг хийж гүйцэтгэн ажиллаж байна.