Монгол Улс жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнөөдөр Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдөр тохиолдуулан баярын хурлын үйл ажиллагааг зохион явууллаа.
Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн, Аймгийн Боловсролын газрын дарга Ч.Ариунаа болон Монгол Улсын Гавьяат багш Г.Бүдтуяа, Ц.Сарантуяа, Б.Сандагдорж, Р. Жаргалтуяа нар оролцож баяр хүргэн салбартаа манлайлан ажиллаж буй эрдэмтэн багш нарт шагнал гардууллаа.
Аймаг орон нутгаас санаачлан боловсролын салбарт чиглэсэн 5 хөтөлбөр, 11 төслийг аймгийн Боловсролын газартай хамтран амжилттай хэрэгжүүлээд байна.
Багшийн ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах зорилго бүхий “Дорнодын багш” болзолт уралдааныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, 2022 онд 4 багшид, 2023 онд 3 багшид, 2024 онд Бага ангийн 28 багшид, Цэцэрлэгийн багш нэг, цэцэрлэгийн туслах нэг багшид орон сууцны байр худалдан авахад дэмжлэг болгож тус бүр 20,0 сая төгрөг, нийт 37 багшид 740,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Бага ангийн багш нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилго бүхий “Багшийн туслах” төсөл хэрэгжиж байна. Уг төслийг хамран сурах тойрог ихтэй, анги дүүргэлт 45-аас дээш хүүхэдтэй ангид 2023 онд 3 бүлэг, 2024 онд мөн 3 бүлэгт хэрэгжүүлснээр хөндлөнгийн үнэлгээгээр тус ангиуд нь сурлагаараа эхний 2 байранд жагссан байна.
Багш, хүүхдийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд багш сурагчдын ширээ сандлыг шинэчлэх, багш бүрийг зөөврийн компьютертой болгох ажлыг эхлүүлэн энэ жил сумдтай хамтран багшийн ширээ, сурагчдын ширээ сандлыг бүрэн шинэчилж, Сургуулийн өмнөх болон бага ангийн 305 багшийг зөөврийн компьютерээр хангасан. Мөн НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усны 105 төхөөрөмжийг суурилуулахаар төлөвлөсний 54 ширхгийг 9 сургуульд 28 ширхэг, 17 цэцэрлэгт 26 ширхгийг суурилуулаад байна.
Боловсон хүчнийг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутагт дутагдалтай мэргэжлээр ажиллах багшийг бэлтгэхэд Орон нутгийн хөгжлийн сангаас 57.2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” тэтгэлэгт хөтөлбөрт 42 суралцагчийг хамруулж хөтөлбөрийн үр дүн эхнээсээ гарч боловсролын салбарт дутагдалтай мэргэжлээр бэлтгэгдсэн төгсөгчид орон нутагтаа ажлын гараагаа эхлүүлэн ажиллаж байгаа юм.
Боловсролын салбарт сүүлийн 5 жилд 4 шинэ сургууль, 3 дотуур байр, 10 цэцэрлэгийн барилгыг шинээр нэмж барьж байгуулснаар боловсролын үйлчилгээний хамрагдалт нэмэгдсэн.
Энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр 2 бага сургуулийн барилгын ажлыг эхлүүлж, суурийн ажил хийгдэж байна.