Монгол Улс их хурлаас “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль-”ийг шинэчлэн баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршиж буй юм.
Нийтийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттай гэж ангилан 5 ангиллын 68 төрлийн мэдээллийг нээлттэй байлгах ёстой гэж хуульд заасан. Тус хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн байгууллагын
www.shilen.gov.mn цахим сайтыг хэрхэн хөтөлж, мэдээлэл байршуулах талаар мэдээлэл өгөх сургалтыг аймгийн Засаг даргын тамгын газар, Төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газартай хамтран төрийн 19 байгууллага, сумдын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн нийт 40 хүнийг хамруулан зохион байгууллаа.