Энэ онд "ДБЭХС" ТӨХК нүүрс худалдах, худалдан авах гэрээг дараах байдлаар байгуулсан.
Гэрээний хүрээнд “Адуунчулуун” ХК 240.000 тн нүүрс нийлүүлэхээс одоогийн байдлаар 72.000 тн “Найнги” ХХК нь 380.000 тонноос 375.000 тонныг, “МАК” ХХК 260,000 тонноос 813 тн нүүрс нийлүүлээд байна.
Уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэгч “Адуунчулуун” ХК өнгөрсөн 9 дүгээр сарын 12-ны өдрөөс тодорхой шалтгааны улмаас нүүрс нийлүүлэлтээ зогсоосон мөн “МАК” компанитай нүүрс нийлүүлэх гэрээний явц удааширч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулагдсан зэрэг шалтгааны улмаас “ДБЭХС” ТӨХК нүүрсний аюулгүйн нөөцгүй болж үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаа алдагдах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ дараах үүрэг чиглэлийг өглөө.
“ДБЭХС” ТӨХК-ийн хэвийн үйл ажиллагааг хангах , аюулгүйн нүүрсний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж тээвэрлэлт хийх боломжтой авто машинуудын мэдээллийг гаргаж, автотээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хөдөлгөөний аюулгүй байдлыг яаралтай хангуулах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Авто тээврийн төвийн дарга Ц.Мөнхтөр,
- Нүүрс тээвэрлэлт хийхтэй холбогдуулан 4 урсгалтай 5,5км зам болон уурхайн хар замын босоо тэнхлэгийн дагуух уулзвар, орц, гарц, гэрлэн дохиог тусгай горимын дагуу тохируулга хийх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулж ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын Тээврийн цагдаагийн тасгийн дарга Х.Батсайхан,
- ДБЭХС ТӨХК-ийн нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, тээвэрлэх нэгжүүдтэй хэлэлцэж тохирон уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн гэрээ байгуулж ажиллахыг ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Жаргалсайхан,
-Нүүрс тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдэд тээврийн хэрэгслийн даацыг хэтрүүлэхгүй байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангуулах, холбогдох хууль дүрмийг биелүүлэн ажиллах, "ДБЭХС" ТӨХК-ийн болон ААН, иргэдийн хэрэгцээт нүүрсийг тасралтгүй нийлүүлж гэрээний үүргээ биелүүлэн ажиллахыг дээрх уул уурхайн компаниудын удирдлагуудад тус тус үүрэг болголоо.