Хятад хэл суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн, Зүүн бүсийн хэмжээнд хятад хэлний шаталсан сургалт зохион байгуулж, хоёр орны соёлын харилцан солилцоог өргөжүүлэн хөгжүүлж, найрамдал, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах зорилгоор МУИС-ийн Зүүн бүсийн сургууль болон ӨМӨЗО-ны Багшийн их сургууль хамтран МУИС-ийн Зүүн бүсийн сургуульд Кунзийн институтийг байгууллаа.
Нээлтийн ажиллагааны үеэр Аймгийн засаг даргын орлогч Ш.Ёл, Аймгийн Засаг даргын тамгын газрын ахлах мэргэжилтнүүд , БНХАУ-аас Замын- Үүдэд суугаа ерөнхий консул Кө Юү Шөн, Замын- Үүдийн Ерөнхий консулын газрын дэд ерөнхий консул Жан И Ши , МУИС-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, доктор, дэд профессор Д.Бадмаанямбуу, МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн захирал, доктор Б.Мядагмаа нар болон МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн багш суралцагчид оролцлоо.
Өнөөдрийн байдлаар тус институтэд хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хэлний сургалтын ухаалаг танхим”, “Хэлний лингафоны кабинет”, “Хятад хэлний уншлагын танхим” , 150.000 юаны хөрөнгө оруулалтаар 4573 ширхэг ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн материалын хөрөнгө оруулалт, тохижилт үйлчилгээ хийгдээд байгаа бөгөөд энэ хичээлийн жилд 250 хүнд хятад хэлний сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.