Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон холбогдох албан тушаалтнууд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Засгийн ордны Гадаад хэргийн албаны орлогч дарга Содоо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, ажил хэргийн уулзалт хийлээ.
Энэ үеэр манай аймгийн зүгээс цаашид дараах чиглэлүүдэд хамтран ажиллах саналаа танилцууллаа.
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймагтай Ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон Их, дээд сургуулийн мэргэжлийн багш нарыг хоёр талд туршлага солилцуулах, чадавхжуулах ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, оюутан суралцагчдыг солилцоогоор суралцуулахад хамтран ажиллах,
-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн эмнэлэгтэй хамтарч Дорнод аймгийн Уламжлалт анагаах ухааны төв, өрх, сум, эрүүл мэндийн төвүүдээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг уламжлалт бариа засал, сэргээн засах эмчилгээ, яаралтай түргэн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах,
-Хил орчмын ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан түймрийг цаг алдалгүй хохирол багатайгаар даван туулахад хамтран ажиллах;
-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр аялал жуулчлалын компани, аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах;
- Боомтын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр Сүмбэр-Рашаан боомт хооронд зорчих гол дээгүүрх гүүрийг барих ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;
-Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр газар тариалангийн техник технологи, тоног төхөөрөмж болон газар тариалан, мод үржүүлэг, жимс, жимсгэний тариалалт, ногоон байгууламжийн чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэхэд хүний нөөцийн харилцан туршлага судлах ажлыг хамтран зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;
-Хоёр талын засаг захиргааны удирдлагуудын ажил хэргийн уулзалт болон төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжихэд хамтран ажиллах тодорхой саналуудыг дэвшүүллээ.
Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн талаас хил орчмын дэд бүтэц, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах саналаа илэрхийллээ.